Монгол хэлний нэр томьёо бүтэх нийлэг болон задлаг хэв шинж

Монгол улсад 1924 оноос Улсын нэр томьёоны комисс (УНТКМ) хэмээх байгууллагыг байгуулж, улмаар олон салбарын нэр томьёог тогтолцоотой тогтоож ирсэн. Нэр томьёог тогтооходоо монгол хэлний шинэ үг бүтээх зүй тогтол болон бусад нэр томьёо бүтээх бүх боломжийг ашигласанаараа үгийн санг баяжуулсан байдаг. Энэхүү нэг сэдэвт бүтээлээр Монгол хэлний үг бүтээх үндсэн арга болох дагаврын болон үг нийлэх арга нь нэр томьёо бүтээхэд ямар утга, давтамжтай, аль салбарын нэр томьёо бүтээхэд оролцож буйг Text Stat программаар тооцоолон гаргасан. Тооцоолохдоо 116461 орчим нэр томьёог багтаасан Орос монгол нэр томьёоны толь гурван ботийн сан болон холбогдох салбарын нэр томьёоны толиуд, УНТКМ зэргийг ашиглалаа. Удиртгал хэсэгт УНТКМ-оос гарсан Улсын нэр томьѐоны комиссын мэдээ, цуврал бичиг, Орос монгол нэр томьёоны толь 3 боть болон өдгөө хүртэл гарсан салбарын нэр томьѐоын толь бичгүүдийг нэгтгэн оруулсан юм.