Эх хэлний талаарх мэдээлэлд олон нийт сонор соргог байгаа энэ үед “монгол хэл мөхөж байна” гэж хэлний бодлогын алба хашигчаас эхлээд хэн хүнгүй хэлэх шахаж байна. Ингэж хэлээд байгаагийн шалтгаан нь эргэн тойрон харагдах эрээн мяраан хаяг, сурталчилгаанаас эхлээд гар утас, компьютерт хэрэглэх харь үг, улмаар гадаад үг холин хэлэлцэх хүүхэд залуус, тэр ч байтугай сэтгүүлч, улс төрчдийн үг хэлнээс урган гарсан эмзэглэл юм. Ингээд бодохоор бид ч бас эх хэлээ анхаарч сүйрч мөхөх вий хэмээн болгоомжилж байдаг ард түмэн ажээ.