Товч агуулга: Уг өгүүлэлд алдарт хэл шинжээч Шадавын Лувсанванданы 1959 оны Монголч эрдэмтдийн анхдугаар их хурал -д хэлэлцүүлсэн Монгол хэл аялгууны учир хэмээх илтгэлийн тухай өгүүлэв. Ш.Лувсанвандан монгол хэл аялгуу, монгол хэлний түүх судлагч урьд өмнөх эрдэмтдийн шинжилгээ судалгаандаа дэвшүүлсэн саналаас дэлгэрэнгүй олон монгол хэл аялгууны талаар нэгэн шинэ ангилал хийжээ. Энэ ангиллаас өмнө монгол хэл аялгууг судалж ангилах асуудлыг голлон Орос болон Зөвлөлтийн монголч эрдэмтэд судалсаар ирсэн бөгөөд монголын өөрийн эрдэмтдээс хамгийн анх монгол хэл, аялгууг ангилсан эрдэмтэн бол Ш.Лувсанвандан гэж хэлж болно. Ш.Лувсанвандан эхлээд монгол хэл аялгууг судалж ангилсан эрдэмтдийн саналыг харьцуулан үзээд харилцан зөрүүтэй зүйлсийг нь ойлгомжтойгоор тайлбарлажээ. Хамгийн гол нь олон нутгийн аялгууг ангилахдаа Ш.Лувсанвандан юуны өмнө хэлний шинж буюу авиа зүй, үгийн сангийн онцлогийг үндэс болгосон нь судалгаа шинжилгээний шинэ дэг, аргачлал болжээ.