Товч агуулга: Хэл шинжлэл нь нийгмийн шинжлэх ухаан билээ. Учир нь хэл бол нийгмийн үзэгдэл юм. Мөн хэлний нийтлэгийн үүднээс хэл бол байгалийн ч үзэгдэл мөн. Тэгэхээр энэхүү байгалийн үзэгдлийг судалдаг шинжлэх ухаан нь байгалийн ухааны шинж чанартай байдаг. Тэгэхээр хэл шинжлэл нь байгалийн шинжлэх ухаан ч мөн гэж үзэж болно. Хэлийг нийгмийн үзэгдэл болох талаас нь хангалттай судалсаар ирсэн. Одоо шинжлэх ухааны зарим нэг хандлагууд өөрчлөгдөхийн хэрээр хэлийг зөвхөн нэг талаас нь, нийгмийн ухааны талаас нь, байгалийн ухааны оролцоогүйгээр дангаар нь судлах хангалттай биш болжээ. Хэл шинжлэлийн судлагдахууныг байгалийн шинжлэх ухаан талаас нь анхааран судалвал илүү олон боломж ч нээгдэнэ, ингэвэл монгол хэл шинжлэлийн мэргэжлийн нэр хүнд ч өсөх юм. Монголын хэл шинжлэлийн судалгаанд чухам энэ талаас нь харсан, анзаарсан судалгаа илүү чухал шаардлагатай байна. Монгол хэл шинжлэлийн судалгаа нь ихэвчлэн онолын судалгаанд анхаарлаа хандуулсан, бусад өөр олон хэл шинжлэлийн салбарыг (хэрэглээний г.м.) зарим талаар орхигдуулж ирсэн гэж хэлж болохоор байна.