Мэдээлэл

author

Галсан.Т

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн

Утга зохиол
Намтар

Тангадын Галсан (Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагийн "Болор цом"-ын эзэн яруу найрагч). Туульч, Өөлд Тангадын Галсан 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадынд мэндэлжээ.

Тэрбээр Монголын ноёдын нууцаар чуулдаг байсан Биндэръяа хөх нуурын хөвөөнд хурга, тугал хариулж Чингис хаан Наймантай тулалдаж дийлсэн Заг-Байдрагийн Хүрэн билчэрт хурдан морь унаж, анхны болзоонд давхиж өссөнөөрөө бахархдаг: Заг Байдрагийн сургуулиас Гэгээрлийн гурван сайд Ц.Баттөмөр, Ц.Намсрай, Б.Даваасүрэн төрөн гарчээ. Галсан МУИС-ын хэл уран зохиолын ангийг төгсөөд Баянхонгор аймгийн  төвийн арван жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байв. Энэ үед буюу 1960 оны эхээр үзэл сурталд харш, эсэргүү зохиол бичсэн хэмээн зохиол бүтээл нь хаагдаж “Эсэргүү” нэр зүүн цөлөгдсөн ганц зохиолч. Ингээд тэмээчин, ямаачин, тууварчин, мужааны ажил хийж байгаад 1970 оноос мах комбинатад ясчин, хөргөх цехийн мастер, АПУ-д ачигч, МЗЭ-ийн хорооны дэргэдэх Нацагдоржийн музейд манаач, улмаар “Монгол кино” үйлдвэрт туслах ажилчин, Баримтат киноны ерөнхий редактор, зургийн дарга, эдийн засагч, 1986 оноос АБЯ-ны сонин сэтгүүлийн нэгдсэн цэцэд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллажээ.

Тэрбээр Монгол хэл бичгийн дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургуулийг санаачлан байгуулагчдын нэгэн бөгөөд 1992 оноос дээрхи дээд сургуулиудад багшлан, бүтээлээ туурвисаар явна. Анхны шүлгээ 1947 онд бичиж уран бүтээл нь 1950-д оноос төв, хөдөөгийн сонинд хэвлэгдсээр 1962 онд “Төрсөн хүүгийн тань үг” анхны түүврээ хэвлүүлсэн. Гэвч уг ном гурван жилийн дараа хураагдаж улмаар шатаагдсан байна. Үүний дараа Б.Ренчингийн “Монгол бичгийн хэлний зүй”-н гуравдугаар боть, Ц.Дамдинсүрэнгийн “Орос-Монгол толь”-ийн хавсралтыг БНМАУ-д шатаажээ.

Шатаалгадаг түүврээс 10 жилийн дараа хэвлэгдсэн “Өнөр хүний зүрх” ном нь түүнийг Монгол яруу найргийн гэр бүлд дахин багтаав. Энэ бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан хэмээн зарим судлаачид ташаа бичсэн байдаг. Тэрээр 1990 оны ардчилсан хувьсгалд ард олныг оюун санааны талаар бэлдэхэд  онцгой үүрэг гүйцэтгэсэн “Өр”, “Сталины хөшөө” зэрэг “эсэргүү” шүлгүүдээ “Монголын дуу хоолой” сонинд нийтлүүлсэнээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн ажээ.

Бүтээлийн жагсаалт
Видео сан

    Видео оруулаагүй байна